Хөгжөөч
“Секунд бүрийг ямар ч эргэлзээгүйгээр амьдраарай.”
Хэрэв хэн нэгэн гэнэт дуу дуулж, бүжиглэж эхлэх юм бол, энэ нь ESFP (Хөгжөөгч) зан чанартай хүмүүс байх нь дамжиггүй. Тэд тухайн мөчийн баяр баясгаланд автаж, бусад хүмүүсийг ч мөн адил мэдрээсэй гэж хүсдэг. Бусдыг урамшуулах, дэмжихэд цаг зав, эрч хүчээ зориулахад тэднээс илүү сэтгэл гарган, ийм уран нарийн хийж чаддаг өөр ямар ч зан чанартай хүмүүс байхгүй.
Хүсэл тэмүүлэлтэй амьдрах
ESFP хүмүүс бусдын өмнө гайхалтай үзүүлбэр үзүүлэх дуртай бөгөөд ерөнхийдөө анхаарлын төвд байх нь тэдэнд тухтай санагддаг. Гэхдээ тэдний энэ итгэл үнэмшил нь анхаарлын төвд байх хүслээс биш, харин тухайн нөхцөл байдалд юу тохиромжтой болохыг мэдрэх авьяасаас үүдэлтэй юм. Тэд эргэн тойрныхоо хүмүүсийн зан авирыг гайхалтай сайн дуурайх чадвартай.
ESFP хүмүүс хамгийн энгийн зүйлсэд жинхэнэ баяр баясгаланг мэдэрдэг бөгөөд сайн найз нөхөдтэйгөө хамт цагийг хөгжилтэй өнгөрөөхөөс илүү таашаал авдаггүй. Энэ төрлийн зан чанартай хүмүүс ганцаараа байхаас илүүтэйгээр найз нөхөдтэйгөө хамт байхыг үргэлж л сонгодог. Өвөрмөц, газар дэлхийтэй холбоотой онигоо хошигноороо анхаарал татаж, найз нөхдийн уулзалт бүрийг жижиг баяр шиг болгон өнгөрөөх дуртай.
Энэ нь хоосон үг биш – ESFP зан чанартай хүмүүс бүх төрлийн зан чанараас хамгийн хүчтэй гоо зүйн мэдрэмжтэй байдаг. Хувцаслалт, гадаад төрхөөс эхлээд гэрийн тохижилт хүртэл тэд загварын мэдрэмж сайтай. Тэд юу гоё харагдахыг шууд мэдэрч, өөрсдийн хувийн хэв маягаа тусгахын тулд орчноо өөрчлөхөөс айдаггүй. Энэ төрлийн хүмүүс төрөлхийн сониуч зантай бөгөөд шинэ загвар, хэв маягийг амархан судалж чаддаг.
Үргэлж тийм мэт санагддаггүй ч гэсэн эдгээр зан чанартай хүмүүс бүх зүйл зөвхөн тэдний тухай биш гэдгийг мэддэг – тэд ажиглагч бөгөөд бусдын сэтгэл хөдлөлд маш мэдрэмтгий байдаг. Хэн нэгэн хүнд асуудлаа ярьж шийдэхэд тусалдаг анхны хүмүүс байх нь элбэг бөгөөд ESFP-үүд сэтгэл санааны дэмжлэг, бодит зөвлөгөөг баяртайгаар өгдөг. Гэвч асуудал нь тэдэнтэй холбоотой бол тэд түүнтэй шууд нүүр тулахаасаа илүүтэй зөрчлөөс зайлсхийх хандлагатай байдаг. Энэ төрлийн зан чанартай хүмүүс ихэвчлэн бага зэргийн драм, хүчтэй мэдрэмжид дуртай ч өөрсдөд нь шүүмжлэл ирэх үед тийм их дуртай биш байдаг.
Гэнэтийн сэтгэлтэй хүн
Тэдэнд тулгардаг хамгийн том сорилт нь тухайн агшны таашаалд илүү төвлөрөхдөө тэрхүү таашаалыг бий болгодог үүрэг, хариуцлагаа умартах явдал байдаг. Нарийн төвөгтэй дүн шинжилгээ, давтагдмал ажлууд, бодит үр дагаврыг статистиктай харьцуулах зэрэг нь ESFP зантай хүмүүст хийхэд амаргүй үйл ажиллагаанууд юм. Тэд голдуу гэнэтийн боломжуудад найдах, эсвэл найз нөхдийнхөө өргөн хүрээнээс тусламж хүсэх нь элбэг. ESFP хүмүүс тэтгэврийн төлөвлөгөө эсвэл чихрийн хэрэглээ гэх мэт урт хугацааны зүйлсийг хянаж байхын тулд өөрсдийгөө сорих нь чухал – учир нь эдгээр зүйлсийг хянахад туслах хүн үргэлж дэргэд байхгүй.
ESFP хүмүүс үнэ цэнэ, чанарыг ойлгодог тул энэ нь өөрөө сайн тал боловч муу төлөвлөлттэй хосолвол өөрийн боломжоо хэтрүүлэн үрэх магадлалтай. Ялангуяа зээлийн карт зэрэг нь тэдэнд аюул учруулж болзошгүй. Тэд урт хугацааны зорилгоо төлөвлөхөөс илүүтэй боломжуудыг алдалгүй ашиглахад анхаардаг тул анхаарал болгоомжгүй байдлаасаа болж зарим үйл ажиллагаанд оролцох боломжгүй болох нь бий.
ESFP зан чанартай хүмүүсийг инээд хөр, тоглоом наргиан, шинэ зүйл туршиж үзэх сайн дурын хүн хэрэгтэй газар бүрт баяртайгаар хүлээж авдаг – тэдний хувьд бусдыг хамтдаа дагуулж явах нь хамгийн их баяр баясгаланг авчирдаг. Тэд цагаар ярилцаж чаддаг бөгөөд заримдаа ярих гэж төлөвлөсөн сэдвээсээ өөр бүх зүйлийн талаар ярьдаг, мөн сайн муу цаг үед хайртай хүмүүсийнхээ сэтгэл хөдлөлийг хуваалцдаг. Хэрвээ тэд өдөр тутмын зохион байгуулалтын ажлаа сайн төлөвлөж сурах аваас, ертөнцийн санал болгох сонирхолтой, шинэ бүх зүйлийг найзуудтайгаа хамт судлан үзэхэд үргэлж бэлэн байх болно.