Өмгөөлөгч Зан чанар

INFJ-A / INFJ-T

Өмгөөлөгч INFJ-A / INFJ-T

“Хүмүүсийг ямар байгаасай гэж бодно, тэдэнд түүн шигээ ханд, тэгвэл та тэдэнд чадвараа нээхэд нь тусалж байгаа хэрэг.”

Иоханн Вольфганг фон Гёте

Өмгөөлөгч (INFJ) нар нь зан чанарын хамгийн ховор төрөл байж болох ч тэд дэлхийд өөрсдийн ул мөрөө үлдээдэг нь гарцаагүй. Идеалист, зарчимч тэд амьдралын удаан хэмнэлд сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд бусдаас ялгарч, өөрчлөлт хийхийг хүсдэг. Өмгөөлөгч зан чанартай хүмүүсийн хувьд амжилт гэдэг бол мөнгө, байр суурь биш харин сэтгэл ханамж, бусдад тус болох, дэлхийн сайн сайхны төлөөх хүч байх юм.

Тэд том зорилго, амбицтай боловч Өмгөөлөгч нарыг хоосон мөрөөдөгч хэмээн андуурч болохгүй. Ийм зан чанартай хүмүүс үнэнч шударга байдлыг эрхэмлэдэг бөгөөд тэд өөрсдийн зөв гэж бодсон зүйлээ хийж дуусгах хүртлээ сэтгэл амардаггүй. Гүн гүнзгий ухамсартай тэд өөрсдийн үнэт зүйлсийг сайтар ойлгон амьдарч, бусад хүмүүс эсвэл нийгмийг дагах бус харин өөрсдийн мэргэн ухаан, зөн совингоо дагаж, үнэхээр чухал гэсэн зүйлсээ хэзээ ч орхигдуулахгүй байхыг зорьдог.

Өмгөөлөгч (INFJ) Зан чанар

Зорилгынхоо эрэлд

Магадгүй тэдний зан чанар маш ховор төрлийнх учраас Өмгөөлөгч нар санаатай ч бай, үгүй ч бай өөрсдийгөө дийлэнх хүмүүсээс өөр гэж мэдэрдэг. Тэд баялаг хувийн амьдралтай ба амьдралын утга учрыг олох гэсэн байнгын хүсэл эрмэлзэлтэй байдаг тул эргэн тойрныхоо хүмүүстэй тэр бүр таарч тохирдоггүй. Энэ нь Өмгөөлөгч нар нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх эсвэл ойр дотно харилцаа холбоог таалдаггүй гэсэн үг биш юм. Заримдаа тэд буруугаар ойлгогдох эсвэл гадаад ертөнцтэй зөрчилддөг гэсэн утгатай.

Аз болоход хөл нийлүүлэн алхахгүй байгаа тэр мэдрэмж Өмгөөлөгч нарын дэлхийг илүү сайхан газар болгох хүсэл тэмүүллийг бууруулдаггүй. Тэднийг шударга бус явдал зовоодог бөгөөд Өмгөөлөгч нар ихэвчлэн хувийн ашиг хонжоо олохоос илүүтэй энэрэнгүй үзлийг түрүүнд тавьдаг. Бусдыг сэтгэл санааг өргөж, энэрэн нигүүлсэх сэтгэлийг түгээн дэлгэрүүлэхийн тулд тэдэнд өөрсдийн бүтээлч байдал, төсөөлөл, мэдрэмж зэрэг давуу талаа ашиглах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрдөг.

Бусдын амьдралыг илүү сайн болгож өөрчлөхөөс өөр юу ч Өмгөөлөгч нарыг ингэтэл гэрэлтүүлдэггүй.

Олон Өмгөөлөгч нар бусдад туслах явдлыг амьдралынхаа эрхэм зорилго гэж үздэг бөгөөд тэд үргэлж зөв зүйлд оролцож, үүний төлөө дуу хоолойгоо хүргэх арга замуудыг эрэлхийлдэг. Ийм зан чанартай хүмүүс шударга бус байдал, зовлон бэрхшээлийг өнгөрсөнд үлдэж магадгүй гэсэн найдлага тээсээр нийгмийн илүү гүнзгий асуудлуудыг засахыг эрмэлздэг. Гэсэн хэдий ч Өмгөөлөгч нар заримдаа үзэл баримтлалдаа ихээхэн анхаарал хандуулснаар өөрсдийгөө хангалттай анхаардаггүй бөгөөд энэ нь стресс, ядаргаанд хүргэдэг.

Бусадтай (мөн өөртэйгөө) холбогдох

Өмгөөлөгч нар дотогшоо чиглэсэн байж болох ч бусадтай гүн гүнзгий, үнэн сэтгэлийн харилцаатай байхыг эрхэмлэдэг. Өөр хүнийг таньж мэдэх, хариуд нь бас танигдах шиг тийм их баяр баясгаланг авчирдаг зүйл ийм зан чанартай хүмүүсийн хувьд цөөхөн. Өмгөөлөгч нар жижиг ярианаас илүү утга учиртай яриа өрнүүлэх дуртай бөгөөд тэд халуун дулаан, мэдрэмжтэй харилцдаг. Сэтгэл хөдлөлийн энэ үнэнч шударга байдал, ойлголт нь эргэн тойрны хүмүүст хүчтэй сэтгэгдэл төрүүлж чадна.

Чин сэтгэлийн хэдэн ойр дотны харилцаа Өмгөөлөгч нарын зүрх сэтгэлийг дүүргэж чадна.

Бодлоготой, энэрэнгүй Өмгөөлөгч нар асар их эрч хүч, анхаарал халамжийг харилцаандаа зориулдаг. Энэ нь тэд үүнийхээ хариуд үргэлж үнэлэгддэг гэсэн үг биш юм. Өмгөөлөгч нар маш бодлоготой, анхааралтай байдаг бөгөөд бусад хүмүүс тэдний сайн санааг хүлээн зөвшөөрөхгүй байх нь тэднийг бухимдуулдаг. Үүний үр дүнд бүтээлч шүүмжлэл хүртэл ийм төрлийн зан чанартай хүмүүст хэтэрхий хувийн эсвэл гомдмоор санагдаж магадгүй.

Хувийн эрхэм зорилго

Олон Өмгөөлөгч нар өөрсдийн амьдралыг өвөрмөц зорилготой гэж боддог буюу энэ дэлхий дээр эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө ирсэн гэж боддог байна. Ийм зан чанартай хүмүүсийн хувьд амьдралын хамгийн үр өгөөжтэй талуудын нэг нь тэр зорилгоо эрэлхийлж, дараа нь түүнийгээ олоод шударгаар биелүүлэхийг эрмэлзэх явдал юм.

Өмгөөлөгч нар тэнцвэргүй эсвэл шударга бус явдалтай тулгарвал тэд бууж өгөх нь ховор. Үүний оронд шийдэл олохын тулд тэд өөрийн зөн совин, энэрэнгүй сэтгэл рүү чиглэдэг. Өмгөөлөгч нар зүрх сэтгэлээ оюун ухаантайгаа хослуулах төрөлхийн чадвараараа том жижиг гэлтгүй дэлхийн буруу зүйлсийг засахын төлөө тууштай явдаг. Ийм зан чанартай хүмүүс бусдад анхаарал халамж тавиад завгүй байх үедээ түр завсарлаж, өөртөө ч бас анхаарал тавих хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй.

Алдартай Өмгөөлөгчид