Сурталчлагч Зан чанар

ENFP-A / ENFP-T

Сурталчлагч ENFP-A / ENFP-T

Чиний юу хийж амьдардаг надад сонин биш. Би чиний юунаас айдаг мөн чин зүрхний хүсэл тэмүүлэлтэйгээ учрахыг мөрөөддөг эсэхийг мэдмээр байна.

ОРИА УУЛЫН МӨРӨӨДӨГЧ

Сурталчлагчид (ENFP) бол нийтэч, илэн далангүй, нээлттэй сэтгэлгээтэй жинхэнэ эрх чөлөөтэй хүмүүс юм. Амьдралд хандах идэвхтэй, өөдрөг хандлагаараа тэд ямар ч олны дундаас ялгардаг. Хэдийгээр тэд үдэшлэгийн гол цөм байж чадах ч Сурталчлагчид цагийг зөвхөн таатай өнгөрөөхөд анхаардаггүй. Энэ төрлийн зан чанартай хүмүүс бусад хүмүүстэй утга учиртай, сэтгэл хөдлөлийн холбоо тогтоохыг хүсдэг шигээ нухацтай байдаг.

Сурталчлагч (ENFP) Зан чанар

Өдөр тутмын амьдралын ид шид

Нөхөрсөг, нийтэч зантай Сурталчлагчид өөрсдийн харилцаа, нийгмийн амьдралаа баяжуулахад бүхнээ зориулдаг. Гэвч тэдний нийтэч, эелдэг гадаад байдлын ард баялаг, эрч хүчтэй дотоод амьдрал бий. Эрүүл төсөөлөл, бүтээлч байдал, сониуч зангүй бол Сурталчлагчид зүгээр л Сурталчлагчид байж чадахгүй.

Сурталчлагчид өөрийн өвөрмөц аргаар нэлээд нягт нямбай байж чаддаг. Тэд анхаарлаа өөр зүйлд хандуулах ёстой байсан ч амьдралын гүн гүнзгий утга учир, ач холбогдлын талаар тунгаан бодохгүй байж чаддаггүй. Энэ төрлийн зан чанартай хүмүүс бүх зүйлсийг мөн хүн болгоныг хоорондоо холбоотой гэдэгт итгэдэг бөгөөд тэд эдгээр холбооноос олж авч чадах ухаарлын төлөө амьдардаг.

Сурталчлагчид бие даасан, бүтээлч бөгөөд өдөр тутмын амьдралдаа үргэлж ид шид, утга учрыг эрэлхийлж байдаг.

Ямар нэгэн зүйл тэдний төсөөллийг сэрээх үед Сурталчлагчид урам зоригтой байж чаддаг. Тэд бусад хүмүүсийг өөртөө татах эерэг энерги ялгаруулж, үе тэнгийнхэн нь тэднийг удирдагч эсвэл гуругийн дүрээр хүлээн авна. Гэхдээ эхэн үеийн урам зориг унтрах цагт Сурталчлагчид өөрсдийн сахилга бат болон тууштай байдалтайгаа тэмцэж, нэгэн цагт тэдэнд маш ач холбогдолтой байсан төслүүд эрчээ алдаж магадгүй.

Баяр баяслын эрэлд

Амьдралын баяр баясал, таашаалыг эрэлхийлэх нь өнгөц байхтай адилгүй гэдгийн нотолгоо бол Сурталчлагчид юм. Ийм зан чанартай хүмүүс нүд ирмэхийн зуур хүсэл тэмүүлэлтэй идеалистуудаас бүжгийн талбай дээрх хэнэггүй хүний дүрд хувирч чаддаг.

Сурталчлагч зан чанартай хүмүүс хүчтэй бодол, мэдрэмжтэй байхаас гадна цагийг зугаатай өнгөрөөх чадвартай байдаг.

Тэд хөгжилтэй цаг мөчүүдэд ч гэсэн бусадтай сэтгэл хөдлөлөөрөө холбогдохыг хүсдэг. Энэ төрлийн зан чанартай хүмүүсийн хувьд эрхэм хүмүүстэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлэхээс илүү чухал зүйл цөөн. Тэд хүн бүр өөрсдийн мэдрэмжийг илэрхийлэх ёстой гэж үздэг бөгөөд өрөвч зөөлөн сэтгэл, халуун дулаан байдал нь хамгийн аймхай хүмүүс хүртэл нээлттэй байж чадах орчныг бүрдүүлдэг.

Гэсэн хэдий ч ийм зан чанартай хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй. Сурталчлагчдын зөн совин тэднийг бусад хүмүүсийн үйлдэл, зан авирыг хэт их уншиж ойлгоход хүргэдэг. Тэд зүгээр л асуугаад мэдэхийн оронд хэн нэгний хүсэл, зорилгын тухай бодоод, төөрөгдөлд орж магадгүй. Энэ төрлийн нийгмийн стресс нь эв эе сахисан Сурталчлагчдыг шөнийн цагт сэрүүн байлгадаг зүйл юм.

Сурталчлагчид амьдралын зөв замаа олохын өмнө өөр харилцаа, мэдрэмж, үзэл санаануудыг судлахад маш их цаг зарцуулах болно. Гэвч эцэст нь тэд өөрсдийн замыг олох үед төсөөлөл, өрөвч сэтгэл, эр зориг нь зөвхөн тэдний амьдралыг төдийгүй эргэн тойрных нь ертөнцийг гэрэлтүүлж чадна.

Алдартай Сурталчлагчид