Логистикч Зан чанар

ISTJ-A / ISTJ-T

Логистикч ISTJ-A / ISTJ-T

Надад өгөгдсөн ямар ч чадварыг ашиглахгүй байхаас би илүү их айх болно. Би хойшлуулах, залхуурахаас илүү их айх болно.

ДЕНЗЕЛ ВАШИНГТОН

Логистикчид (ISTJ) өөрсдийн шударга байдлаар бахархдаг. Энэ төрлийн зан чанартай хүмүүс юу ярьж байгаагаа мэддэг бөгөөд ямар нэгэн зүйл хариуцаж аваад түүнийгээ заавал хийж дуусгадаг.

Энэ төрлийн хүмүүс нийт хүн амын нэлээд том хэсгийг бүрдүүлдэг бөгөөд Логистикчид тийм ч хурц тод, анхаарал татам биш байж болох хэдий ч нийгмийг бат бөх, тогтвортой байлгахын тулд хувийнхаа зүгээс илүү их зүйлийг хийдэг. Логистикчид өөрсдийн итгэл даах чанар, практик байдал, мөн хамгийн стресстэй нөхцөлд ч шантрахгүй, логиктой байх чадвараараа гэр бүл болон нийгэмд нэр хүндтэй байдаг.

Логистикч (ISTJ) Зан чанар
Олон хүн үүрэг хариуцлагаас зайлсхийж, бусдын сонсохыг хүсч буй зүйлийг хэлдэг энэ дэлхий ертөнцөд Логистикчид үнэнч, хариуцлагатай, шударга байдлаараа бусдаас ялгардаг.

Үнэнч шударга амьдрал

Логистикчдын өөрийгөө хүндлэх гол үндэс суурийг нь хувь хүний үнэнч шударга байдал бүрдүүлдэг. Ийм зан чанартай хүмүүс ямар ч нөхцөлд зөв арга зам байгаа гэдэгт итгэдэг бөгөөд харин тийм биш мэт дүр эсгэдэг хэн бүхэн өөрийн зорилгод нийцүүлэхийн тулд дүрмийг гуйвуулахыг оролддог хэмээн үздэг. Логистикчид зохион байгуулалт, уламжлалыг гүнээ хүндэтгэдэг бөгөөд тэд ихэвчлэн тодорхой шатлан захирах ёс болон ирээдүйн хэтийн төлөв бүхий албан байгууллага, ажлын байр, боловсролын орчинд татагддаг.

Олон Логистикчдын хувьд зохион байгуулалт тааруу байна гэдэг нь эрх чөлөөг бус харин эмх замбараагүй байдлыг бий болгодог.

Логистикч зан чанартай хүмүүс өөрийн үйлдэл болон сонголтдоо хариуцлага хүлээхээс цааргалах нь ховор. Ерөнхийдөө тэд алдаагаа хурдан хүлээж авдаг бөгөөд энэ нь тэднийг сайхан харагдуулахгүй байсан ч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрдөг. Логистикчдын хувьд шударга байдал нь бусдын анхаарлыг татахаас хамаагүй чухал бөгөөд тэд бусдад сэтгэгдэл төрүүлэхийн тулд худал хэлэхээс илүү өөрсдийн ухамсарт үнэнч байхыг илүүд үздэг.

Логистикчид юу ч болж байсан үүргээ биелүүлэхийг хичээдэг учраас ихэвчлэн ижил стандартыг барьж чаддаггүй хүмүүс тэдэнд эргэлздэг. Заримдаа Логистикчдын өөрийгөө удирдан хянадаг хатуу байдалд таарч нийцэхгүй хүмүүсийг тэд шударга бусаар дутуу үнэлж, тэднийг өөр бусад бэрхшээл даван туулж байхад нь залхуу эсвэл сэтгэлгүй хэмээн хардаж магадгүй. Логистикчид энэ дүгнэлтээ ил хэлэхгүй ч тэдгээр хүмүүсийг үл тоомсорлодог нь зарим талаараа өөрсдөд нь хатуу, өрөвдөх сэтгэлгүй гэсэн нэр зүүлгэдэг.

Бусдын сул талыг нөхөх

Логистикчдын хичээл зүтгэл бол гайхалтай бахдам чанар бөгөөд энэ нь тэдний дийлэнх амжилтын суурь юм. Гэвч энэ нь бусад хүмүүсийн ашигладаг сул тал болж болно. Ажлын өндөр ёс суртахуунтай, үүрэг хариуцлагаа ухамсарлах мэдрэмжтэй тул Логистикчид бусад хүмүүсийн үүрэг хариуцлагыг өөр дээрээ байнга үүрдэг байж болно. Хамтран ажиллагсад, найз нөхөд эсвэл хайртай хүмүүсийнхээ сул талыг нөхөх, үүрэг хариуцлагыг өөр дээрээ үүрэх эсвэл Логистикчдоос аливааг байнга хүсэн хүлээвэл тэд гомдоллохгүй ч гэсэн ядарч туйлдах юмуу сэтгэлээр унаж магадгүй.

Логистикчид бусдын ажлыг хийж өгсөн ч үнэлэгдэхгүй байгаагаа анзаарч магадгүй.

Логистикчид сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэггүй ч гэлээ өөрийн чадлаас хэтэрсэн ачаа үүрэх үед энэ төрлийн зан чанартай хүмүүст урам хугарах эсвэл дургүйцэх мэдрэмж төрдөггүй гэсэн үг биш юм. Хэрэв тэд харилцаагаа тэнцвэртэй, тогтвортой байлгахгүй бол эцэст нь өөрийн хамгаалах хэрэгтэй гэж боддог тогтвортой байдлаа алдаж магадгүй. Сайн мэдээ гэвэл Логистикчид зохих хил хязгаарыг тогтоох мөн хэт ачаалалтай үедээ үүнийгээ хэлж сурснаар өөрийн олон давуу талууд болох тодорхой, үнэнч болон найдвартай байдал зэргийн ашиг тусыг дэлхий ертөнцөд санал болгож чадна.

Алдартай Логистикч