Логик сэтгэгч Зан чанар

INTP-A / INTP-T

Логик сэтгэгч INTP-A / INTP-T

Хамгийн гол нь асуулт асуухаа зогсоохгүй байх явдал юм. Сониуч занд оршин тогтнох өөрийн гэсэн шалтгаан бий.

АЛЬБЕРТ ЭЙНШТЭЙН

Логик сэтгэгчид (INTP) өөрсдийн өвөрмөц хэтийн төлөвлөгөө, хүчтэй оюун ухаанаараа бахархдаг. Тэд орчлон ертөнцийн нууцыг тааварлахаас өөр аргагүй бөгөөд энэ нь бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий философич, эрдэмтдийн дийлэнх нь яагаад Логик сэтгэгчид байдгийг тайлбарлаж болох юм. Энэ төрлийн зан чанар үнэхээр ховор боловч бүтээлч байдал, зохион бүтээх чадвараараа Логик сэтгэгчид бусдаас ялгарахаас айдаггүй.

Оюун санааны амьдрал

Логик сэтгэгчид ихэнхдээ бодол дунд төөрдөг бөгөөд энэ нь тийм ч муу зүйл биш юм. Ийм төрлийн зан чанартай хүмүүс бодохоо хэзээ ч зогсоодоггүй. Өглөө сэрэхээс авахуулаад тэдний оюун бодол нь шинэ санаанууд, асуулт, ойлголтуудаар дүүрэн байдаг. Заримдаа тэд өөрсдийн толгойд бүрэн хэмжээний мэтгэлцээн явуулж байгаагаа анзаарна.

Уран сэтгэмжтэй, сониуч Логик сэтгэгчид өөрсдийн оюун бодлын үйл ажиллагаанаас эцэс төгсгөлгүй сэтгэл татам байдлыг олж чадна.

Гаднаас нь харахад Логик сэтгэгчид дуусашгүй мөрөөдөлдөө автан амьдардаг мэт санагдана. Тэд бодолд автан, бусдаас хөндийрч, зарим талаараа биеэ барьдаг гэдгээрээ алдартай. Өөрөөр хэлбэл, бүх оюун бодлын энергээ яг тэр мөчид эсвэл хамт байгаа хүн дээрээ тогтоохыг оролдох хүртэл энэ нь хүмүүст тав тухгүй байж болох юм. Гэвч тэдний сэтгэл санаа ямар байгаагаас үл хамааран Логик сэтгэгчид нь Интроверт буюу дотогшоо чиглэсэн хүмүүс байдаг бөгөөд олон нийттэй хийх харилцаанаас залхах хандлагатай. Урт өдрийн дараа тэд өөрийн бодолтойгоо зөвлөлдөж, цагийг ганцаараа өнгөрүүлэхийг хүсдэг.

Гэхдээ Логик сэтгэгчдийг нөхөрсөг бус эсвэл өөдгүй хүмүүс гэж бодох нь эндүүрэл юм. Тэдний оюун бодлын энергитэй таарч нийцэх хүнтэй холбогдох үед энэ төрлийн зан чанартай хүмүүс нэг бодлоос нөгөө рүү үсэрч, жинхэнээсээ гэрэлтдэг. Санал бодол солилцох эсвэл өөр сониучхан, эрэлхийлэгч сэтгэлтэй хүнтэй бодитоор мэтгэлцэх зэрэг зарим зүйлс тэднийг эрч хүчтэй болгодог.

Логик сэтгэгч (INTP) Зан чанар

Энгийн шүү дээ, эрхэм Логик сэтгэгч минь

Логик сэтгэгчид бүтцэд дүн шинжилгээ хийх дуртай. Үүнийг хэрхэн хийдгийг нь мэдэхгүй ч ийм төрлийн зан чанартай хүмүүс Шерлок Холмс шиг ялгаа болон зөрчлийг олж харах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл тэдэнд худал хэлнэ гэдэг бүтэхгүй санаа юм.

Хачирхалтай нь Логик сэтгэгчдийг үргэлж өөрсдийнх нь үгэнд багтаах хэрэггүй. Тэд шударга бус байх нь ховор боловч идэвхтэй оюун ухаантай тул заримдаа бүх талаас нь бодож амжаагүй санаа, онолуудаар дүүрэн байдаг. Амралтын өдрийн төлөвлөгөөнөөс эхлээд ёс суртахууны суурь зарчим хүртэл ямар ч зүйл дээр тэд нэгэнт шийдсэн гэдгээ ойлголгүй бодлоо өөрчилж магадгүй юм. Үүнээс гадна тэд ихэвчлэн сонирхолтой хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхийн тулд маргаанч болж тоглохдоо баяртай байдаг.

Логик сэтгэгчдийн хувьд хамгийн сайн харилцан яриа нь оюуны шуурга лугаа байх бөгөөд уламжлалт бус бодол санаа, ер бусын “хэрвээ” олонтой байдаг.

Логик сэтгэгчид ихэвчлэн бүхэл өдөржингөө шинэ санаа, боломжуудын тухай эргэцүүлэн бодож өнгөрөөж чадна. Эдгээр санаануудыг бодитой болгох практик, өдөр тутмын ажил нь тэдний сонирхлыг үргэлж татдаггүй. Аз болоход төвөгтэй, олон давхар асуудлуудыг задлан шинжлээд, бүтээлч шийдлийг олох тал дээр Логик сэтгэгчдийн бүтээлч авьяас болон чадавхийг цөөн тооны зан чанарын төрлүүд л гүйцэж чадна.

Орчлонгийн тайлагдашгүй нууцууд

Ийм зан чанартай хүмүүс орчлон ертөнцийн бүх зүйлийг ойлгохыг хүсдэг боловч ялангуяа нэг салбар тэднийг нууцлаг байдлаараа татах хандлагатай байдаг: хүний мөн чанар. Нэрнээс нь харахад Логик сэтгэгчид нь логик, оновчтой хүрээнд өөрсдийгөө байх ёстой газраа байгаа мэтээр мэдэрдэг. Үр дүнд нь тэд мэдрэмж, сэтгэл хөдлөл нь хүмүүсийн зан төлөвт, ялангуяа өөрсдийнх нь зан төлөвт нөлөөлж, улмаар логикгүй, үндэслэлгүй байдлаар болоод төөрөлддөг.

Энэ нь Логик сэтгэгчид мэдрэмжгүй гэсэн үг биш юм. Ийм зан чанартай хүмүүс ихэвчлэн найз нөхөд, хайртай дотны хүмүүстээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийг хүсдэг ч яаж гэдгээ мэддэггүй. Мөн тэд дэмжлэг үзүүлэх хамгийн сайн, үр дүнтэй арга замаа олж чадахгүйгээсээ болоод ямар нэгэн зүйл хийх эсвэл хэлэхээ хойшлуулж магадгүй.

Энэхүү “шийдвэрт хүрч чадахгүй байдал” нь Логик сэтгэгчдийн амьдралын олон талбарт нөлөөлж болно. Ийм зан чанартай хүмүүс хамгийн жижиг шийдвэрийг хүртэл хэтрүүлэн бодож чаддаг. Энэ нь тэдэнд үр дүнгүй, гацсан мэт мэдрэмжийг өгч, тэдний оюун бодолд хөврөх эцэс төгсгөлгүй бодлуудаас болоод ихэд ядарч, зорилгодоо хүрэхэд нь тэдэнд саад болдог.

Сайн мэдээ гэвэл Логик сэтгэгчид удаан хугацаанд гацдаггүй. Тэдний онцгой давуу талууд нь заримдаа уйтгар гунигт автаад тэндээсээ сугаран гарахад шаардагдаж болох бүх зүйлийг багтаасан байдаг. Логик сэтгэгчид өөрсдийн бүтээлч чадвар, нээлттэй сэтгэлгээг ашигласнаар эргэцүүлэгч, бүх талаараа төлөвшсөн аз жаргалтай хүмүүс гэх мэт өөрсдийн нөөц бололцоог бүрэн нээж чадна.

Алдартай Логик Сэтгэгчид