Зөвлөгч Зан чанар

ESFJ-A / ESFJ-T

Зөвлөгч ESFJ-A / ESFJ-T

Бие биенээ урамшуулж, дэмжиж, хүчирхэгжүүл. Учир нь нэг хүнд тархах эерэг энерги бид бүгдэд мэдрэгдэх болно.

Дебора Дэй

Зөвлөгч (ESFJ) нарын хувьд амьдралыг бусадтай хуваалцах хамгийн сайхан байдаг. Ийм төрлийн зан чанартай хүмүүс найз нөхөд, хайртай дотны хүмүүс, хөршүүддээ гэр орон, зүрх сэтгэлээ нээх замаар ихэнх хамт олны үндэс суурийг бүрдүүлдэг.

Энэ нь Зөвлөгч нар бүх хүмүүст дуртай эсвэл тэд гэгээнтэнгүүд гэсэн үг биш юм. Гэхдээ Зөвлөгч нар зочломтгой байдал, сайн зан чанарын хүчинд итгэдэг бөгөөд эргэн тойрныхоо хүмүүсийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг ухамсарлах хандлагатай байдаг. Өгөөмөр, итгэл даасан ийм зан чанартай хүмүүс гэр бүл, хамт олноо хамтад нь байлгахын тулд том, жижиг аль ч үүргийг өөр дээрээ авдаг.

Зөвлөгч нар өөрийн амьдралд байгаа хүмүүст дэмжлэг, халамж, аюулгүй байдлыг мэдрүүлэх авьяастай байдаг.
Зөвлөгч (ESFJ) Зан чанар

Хариуцлагатай амьдралын давуу чанар

Зөвлөгч нар бол үнэнч шударга хүмүүс. Тэд буцааж өгөх, бусдад үйлчлэх, зөв зүйл хийх үүрэг хариуцлагадаа нухацтай ханддаг.

Зөвлөгч нар бараг бүх нөхцөл байдалд хийвэл зохих тодорхой зөв үйлдэл байдаг гэж үздэг. Зарим төрлийн зан чанартай хүмүүс илүү хүлээцтэй, аливааг хүлээж авах хандлагатай байдаг бол Зөвлөгч нар хэн нэгнийг буруу зам сонгоход шүүмжлэхгүй байх нь тэдэнд хэцүү байж болно. Үүний үр дүнд тэд хэн нэгэн, ялангуяа тэдний анхаарч, санаа тавьдаг хүн өөртэй нь санал нийлэхгүй байх үед үүнийг хүлээн авахад хэцүү байдаг.

Зөвлөгч нар ёс суртахууны тодорхой чиглэлтэй байдаг бөгөөд бусад хүмүүсийн үйлдлүүд үүнтэй нийцэхгүй байх үед энэ нь тэднийг төөрөгдүүлэхээс өөр аргагүй юм.

Зөв, буруугийн талаар тодорхой харах өнцөгтэй Зөвлөгч нар өөрийн үзэл бодолд итгэлтэй байх хандлагатай байдаг. Гэхдээ эдгээр үзэл бодол нь тохиолдлынх байдаггүй ба ихэвчлэн уламжлалыг гүнээ хүндэтгэхэд суурилдаг. Тэдний хийж байгаа бүх зүйл хэн нэгэнд нөлөөлдөг гэдгийг мэддэг ба тогтсон хууль дүрэм, протокол, нийгмийн хэм хэмжээ нь Зөвлөгч нарт өдөр тутмын амьдралаа удирдахад нь тусалж, бусдад анхааралтай, хариуцлагатай хандахад нөлөөлнө гэдэгт итгэдэг.

Урт хугацааны харилцаа бий болгох

Түшигтэй, найрсаг Зөвлөгч нарыг үдэшлэг дээр үргэлж анзаарч харж болно. Тэд бусад хүмүүсийг цагаа таатай өнгөрүүлж байгаа эсэхийг ажиглан эргэлдэж байдаг хүмүүс юм! Гэхдээ бүү андуураарай. Зөвлөгч нар бусдын амьдралд зүгээр нэг эргэлдээд өнгөрдөггүй. Сэтгэлийн угтаа үнэнч тэдгээр хүмүүс нь урт удаан хугацааны харилцаа бий болгодог бөгөөд тусламжийн гар эсвэл сонсох чих хэрэг болсон үед тэднийг гарч ирнэ гэдэгт найдаж болно.

Зөвлөгч нар төрсөн өдөр эсвэл тэмдэглэлт баяр алгасах нь ховор. Харилцаандаа бүхнээ зориулдаг үнэнч тул найз нөхөд, хайртай дотны хүмүүсийнхээ амьдралын хамгийн жижиг нарийн зүйлсийг хүртэл санадаг.

Зөвлөгч нар хэв журам, зохион байгуулалтад дуртай учраас нээлттэй үйл ажиллагаа эсвэл гэнэтийн цугларалтаас илүү төлөвлөсөн арга хэмжээг илүүд үздэг бөгөөд бүх зүйлийг өөгүй жигд байлгахын тулд зочид хүлээн авахдаа баяртай байдаг. Ийм төрлийн зан чанартай хүмүүс бусдад онцгой, тэмдэглэлт мэдрэмж өгөхийн тулд маш их энерги зарцуулдаг бөгөөд хэн нэгэн тэдний зүтгэлийг үнэлэхгүй бол хүндээр тусгаж авдаг.

Зөвлөгч зан чанартай олон хүмүүсийн хувьд амьдралын хамгийн том сорилтуудын нэг бол бусдын, тэр бүү хэл хамгийн ойр дотны эрхэм хүмүүсийнхээ бодол санаа, зан авирыг хянаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх явдал юм. Аз болоход Зөвлөгч нар хамгийн сайн хийдэг зүйл дээрээ төвлөрч, анхаарал, халамж, үүрэг хариуцлагатай байхын үлгэр жишээг үзүүлэн, ингэх явцдаа хүмүүсийг нэгтгэх байдлаар өөртөө амар амгалан, сэтгэл ханамжийг олж авч чадна.

Алдартай Зөвлөгчид